Халхын Сэцэн Хан Ц.Навааннэрэн” үзэсгэлэн
2010 оны XII сарын 06 - 11
Монголын Үндэсний музейд Монгол төрийн түүхэн зүтгэлтэн Сэцэн Хан Цэрэндондовын Навааннэрэнгийн (1910-1923) “Хан хэргэм” залгамжилсны 100 жилд зориулсан тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Тэрээр ХХ зууны Монголын хоёр хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, тусгаар улсынхаа төрийн эрх бүхий дээд албыг хашиж бодлого шийдвэрийг гаргаж байжээ. Сэцэн хан Ц.Навааннэрэн 1912 оноос Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны эрхэлж зөвлөх сайд, 1915 онд Шүүх таслах хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд, 1921-1922 онд Сэцэн хан аймгийн чуулганы дарга, 1922-1925 онуудад Ардын засгийн газрын Дотоод яамны тэргүүн сайд, хожим нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв. 1911 оны зун Богд хан уулын Нүхтийн аманд монголын язгууртнууд цуглан манж-хятадын дарлалаас ангижрах, тусгаар улс байгуулахад тусламж хүсэж, Оросын эзэн хаанд “Жибзундамба хутагт, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар тус тус нэр хавсран өргөсөн нь монголчуудын эрх чөлөөг хүсэмжилсэн дуу хоолой байлаа. Сэцэн хан Ц.Навааннэрэн Олноо өргөгдсөн Монгол улс байгуулах үйл хэргийг манлайлан зүтгэж байсанчлан Ардын засгийн газарт ч ажиллан эх орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг өвөрлөн зүтгэсэн эх оронч баатарлаг өвөг дээдсийн маань нэг юм.
Тус үзэсгэлэнд МҮМ-н сан хөмрөгт хадгалагдан буй Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн болон Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох эд өлөг дэлгэгдэнэ. Тухайлбал, “Тулгар тогтсоны их баярыг тохиолдуулан Богд хаан Сэцэн хан Ц.Навааннэрэнг шагнасан шар торгон өргөмжлөл, Сэцэн хан аймгийн туг, харуулын тэмдэг, цэргийн хантааз, Ц.Навааннэрэнгийн пийсүү аяга, тамганы хайрцаг болон Ц.Навааннэрэнгээс Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар, зэрэг олон үзмэр багтаж байна. Мөн Халхын Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох “Захыг сэргийлэх Сэцэнхан аймгийн цэргийг захирах тэмдэг”, “Шолойн угийн бичгийн хуулбар”, ”Хан хэнтий уулын аймгийн Идэрмэг Баянхан уулын хошуу захирах тамга”, “Эрдэм мэргэн ноён хутагтын тэмдэг”, “Монгол тээхийн Хэрлэн дэхь өртөө шуудангийн буудлын тэмдэг” зэрэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна.
Тус үзэсгэлэнг бид ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа билээ. Үзэсгэлэн 12 дугаар сарын 06-11-ны өдрүүдэд нээлттэй ажиллана. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын Үндэсний музей
2010 оны 12 дугаар сар 6
No comments:
Post a Comment